Өнөөдрөөс эхлээд өөрийнхөө амьдрал руу буцаад очих нь байна шдээ. Урлагийн бурхан Янжинлхам намайг хэтэрхий тоосноос 21 хоногийн хичээлээ таслан таслан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дансанд орох шахан шахан явжээ. Үнэн зүрхний хайрт сургууль минь яруу алдарт 75 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэж байгаа энэ үеэр Баярын бяцхан гэрэлт шигтгээ болгож сургуулийн урдаа барьдаг уран сайханчид болох бидний яг 103 залуус хүндэтгэлийн тоглолтыг 3 долоо хоногийн туршид чанарын өндөр түвшинд бэлтгэсэн билээ.
Бас л багагүй хугацаанд хүч авьяас бүхнээ дайчлан, сэтгэлийн угаас бэлдсэн тул тоглолт маань ч сайхан болсон. Үзэгчид хийгээд "жүжигчид" бид сэтгэл хангалуун байна. Соёлын төв өргөөний хүндэт тайз, үзэгчдийн нижигнэсэн алга ташилт, солонгорон гэрэлтэх салют, энд тэндээс анивалзах зургийн аппарат, ЦДБЭЧ-ын эстрад симфони найрал хөгжмийн хүндтэй хийгээд сүрт аялгуу...энэ бүхэн бидний 3 долоо хоногийн турш багш нартаа, найруулагчдаа, найрал хөгжмийн удирдаачдаа загнуулж зүхүүлсэн, тэднийхээ уурыг барсан, ядарч өлсөж цухалдаж барсан өдрүүд, өдөржин хүйтэн танхимын тайзан дээр "чарлаад" орой нь нусаа татан харьж явсан залуусын хөөр баяртай хөгжилтэй, дурсамж дүүрэн өдрүүдийн үр дүн байсаан.
Хүүхдүүд ээ хичээ л дээ, бид нар ингэж олон хоног нойр хоолгүй бэлдэж бэлдчихээд тайзан дээр ердөө л 5 мин л үзэгчдийн өмнө дуулна шдээ, тэр үедээ л сайхан сэтгэгдэл төрүүлж чадахгүй бол ингэн ингэн хэн хэнээ тамалж бэлдсэний хэрэг гарахгүй шдээ, ... ЦДБЭЧ-ын ерөнхий хормейстер, бидний найрал хөгжмийн багшийн үг...
Тоглолт эхлэх гэж байхад за манайхаан урагшаа, хүүхдүүд ээ эрчтэй цовоо байгаарай гээд гүйгээд явчихсан найруулагчийн маань царай,
Миний охин төгсгөлийн үгийг хачин гоё хэлсэн шүү гэсээр үнссэн ерөнхий найруулагч МУГЖ Л.Ганчимэг багшийн минь зөөлхөн гар,
Яанаа та хэдийгээ мөн ч их загнах юмдаа, бид нарыг муухай ааштай хүмүүс гэж байна уу хэмээн зовнин асууж байсан ерөнхий удирдаачийн маань ихэмсэг төрх...
Та бүгдийн маань хүч хөдөлмөрөөр бидний тоглолт амилан боссон юм шүү.
Хэдий нэг сургууль ч зүс мэдэх төдий, магадгүй мэндлэх төдий байсан хүмүүстэйгээ ахархан хугацаанд хамт байсан ч эжий ахай болтлоо дотносжээ. Бидний амьдралд магад үүрдийн байж болох нөхөрлөлийн нэгэн шинэ хуудсыг нээсэн мартагдашгүй дурсамжит сайхан өдрүүд байлаа. Өглөө ирээд л хэдэн биенээ шог үгээр угтан хөгжилдөж, нэгнийхээ амнаас гарсан үгийн өөг алдалгүй наргиа болгож инээлдсэн өдрүүд...хөдөөнөөс ирсэн айргаа амсуулах гэж яарсан, таваг хуушуураа дундаа тавиад идэж суусан, танил хэдэн нөхөддөө хэтэрхий дасжээ. Тунгаа эгчээ хэмээн хүндлэх 1-р курсын хайр татсан хөөрхөн охидууд, ахын дүү май гээд халааснаасаа чихэр гарган дайлах ах нар, манай Тунгаа хөөрхөн ааштай шүү хэмээн эрхлүүлэх ангийн болон дээд курсын андууд...
Тоглолтын маргааш өглөө утас цохисон найруулагч маань, та нарыгаа өнөөдрөөс эхлээд харахгүй гэсэн чинь ёстой муухай гунигтай байна, шууд л санаад эхэлчих юм, хөөрхөн охин руугаа эхлээд залгаж байгаа юм гээд л, нэг удаа бид нарыг загнахдаа "хүн залуу насыг чинь хайрлаад байхад та нар ядаж өөрсдийгөө хайрла л даа, яасан хэнэггүй юм" гэж байсан үг нь санаанд ороод...нээрээ л та нарыгаа шууд л санаад эхлэх юмдаа.
Бэлтгэлийн сүүлийн 3 өдөр сургууль дээрээс хоол хийж авчирч өгсөн. 1-р курсын энгийн ангийн охидууд байсан тул хорвоогийн хамгийн амттай хоол мөн байгаа биз гэхээр гайхаад байгаа юмаа нээх хөөрхөн. Цэрэг төмөр таваг, том зүсэм хар талх, давсгүй хар цай...хоол нэмэх хүн байна уу гэхээр хөвгүүдтэйгээ уралдан гүйх...
Өнөөдрөөс эхлээд өглөө очоод гамм уншихын оронд хуулиа дэлгэн номоо уншина. Хоолой салган дуулахын оронд багшийн өмнө асуугдан зогсоно. Хөтөлбөрөө гарган номероо зоож найруулагчтайгаа кафед суухын оронд хоцорсон хичээлээ нөхөхөөр номын сан бараадна.
Өнөөдрөөс эхлээд заавал ботаник орох унаанд сууна. Танил дотно болж гүйцсэн офицерийнхоо ордны үүдээр сүнгэнэж гараад сургуульдаа очно. Өглөө нэгдэлтэн дээр ирцээ бүртгүүлж, ангийн нөхөдтэйгөө мар мар хийсэн эгэл жирийн сонсогч амьдрал минь эхлэнэ.









өөр зөндөө гоё зургууд байгаа боловч хэн нэгэн хүн хэтэрхий тодоор, танигдахаар гарсан тул ингэсхийгээд орхив



Сэтгэгдэлүүд:
Урлагын тэнгэр Янжинлхам бурханд хэтэрхий тоогдоод ... энэ хөсэг яандраа гөх инээд...
Нээрээ чи хэд дүгээр курс билээ...
Тунгаа дүү авьяастай юм байна шдэ. Концертонд шилэгдэж оролцоод л. Тоглолт сайхан болсонд баяр хүргэе эээ.
Ганчимэг багш болбоос чуулгын бүжиг дэглээч багш болой,
сайн уу хө
хичээл сурлагад нь өндрөөс өндөр амжилт хүсье
Сэтгэгдэл үлдээх: